Monday, July 7, 2014


Түүнд дурласан саруудад бичсэн шүлэгнүүддээ
Би дэндүү дуртай
Ирэх ирэхгүй, хүлээх хүлээхгүй, санах санагдахгүй
Инээж уйлж, нялхарч гомдож явсан үеийн минь
Эрдүү хонгор ааш
Эрх танхи араншин минь шингэсэн мөртүүд байгаа…

Үйлээ нуусан үсээ өмнө нь задгайлан
Өрцөө тэвэрсэн эмзэглэлээ өвөрт нь мартан
Үнэнчийн тангарагтай энгэр юугаа дэлгэн
Өглөө бүрийг инээмсэглэлтэй нь угтах
Гэргий чинь яагаад болж болдоггүй юм бэ би
Хүлээлт зангидсан итгэлийн үзүүрт
Хүсэл нэмэрлэсэн сэтгэлийн уяа алдарч
Навч цэцэг нялхаараа л бхад
Намар адил чиний тухай бодлоор л өөртөө хань татсаар
Дэргэд минь яагаад байж болдоггүй юм бэ чи
Болзож догдлоод хөнгөн алхалмаар
Борог орчлонд нөмгөн жаргамаар
Бүүвэйн дуу аялан суух
Бүсгүй заяагаа чамаар түшүүлмээр
Ханьлаж яагаад болдоггүй юм бэ чи бид хоёр

Хундагхан дарсандаа
Хуруугаа дүрж долоогоод
Хугасхан жаргалдаа ташуурч
Хуучин пянз шиг эгшилэмээр
Надаас өөр хэн ч өнгийдөггүй
Навтарг-н дэвтэр шиг өөрлүүгээ
Нарны тухай бодол хөрвүүлэх гэж
Насандаа ч зохиогүй намба сууж үзнэ
Инээд минь инээд биш болох үед
Энд байсан сам болон
Гэзэгээ сул асган
Гэргийн тухай зэрэгцүүлэн бодно
Гар хүрэх үед
Галбир төгс ч гэсэн
Ганц ваар ширээн дээр он удаанаар
Ганцаардал бид хоёртой нөхөрлөөд удаж байгаа юм
Улаан буйдан харин мухартаа л шигдээстэй чигтээ
Уруулын мартаж орхисон үнсэлтийг санах гэж хичээнэ
Уйлж хоносон шөнүүдийг огтхон ч дурсдаггүй мөртлөө
Угтаан бол хайртыгаа л санаад байдаг бололтой юм