Wednesday, October 2, 2013

Одоо ч гэсэн


Би зүрхний чинь цохилтыг мэдэрч байна
Тэр яг дуу шиг бас яг гүйж байгаа мэт сонсогдож байна
Би мэдэрч байна би мэдрээд байна үргэлж бүр дандаа гээч
Гэхдээ тэр надаас дэндүү хол байх юм
Би чамтай утсаар ярихдаа, хажууд чинь алхахдаа, тэврээд хэвтэхдээ
...надаас хол гэргийнхээ дэргэд байхад ч гэсэн
Чиний зүрхний цохилтыг мэдэрдэг
Магадгүй миний зүрх өөрөө чиний зүрхний тухай мөрөөдлөөр дүүрэн байх шиг байна
Ямар ч байсан чамайг хаана ч байсан
Чиний зүрх, судасны лугших чимээ бас тэгээд амьсгалыг чинь би мэдэрч байна
ОДОО Ч ГЭСЭН

" Эрх чөлөө "

Зуун эрийн сэтгэлийг би эзэмдмээр байна
Зуун эрийн уруулаар би энгэр цээжээ үнсүүлмээр байна
Зуун эрийн өвөрт эрхлэн жаргаж, эвхрэн уйлж сэрмээр байна
Орой бүр болзоонд явж
Охин хонгор зан төрхөө гээж
Олиггүй эм шиг аашилмаар байна
Хундага дарсыг бага гэж голмоор байна
Хувцасаа тайлаад нүцгэн алхмаар байна
Хуучин цамц шиг шүүгээнд өлгөгдмөөргүй байна
Энэ миний эрх чөлөөт хүсэл
Ингэвэл чи намайг хардах уу?
Би цаг үргэлж түүнийг бодож, бодолдоо зүрх хатаж гандсан ч
Цоожтой мөртлөө зай завсаргүй мэт бөглүү сэтгэлийн өрөөнд нь
Цаг хугацаагаар л нэвтэрч тэнд үлдэхийг хүссэн байх юм даанч
Дараагийнх гэх надад, өмнөх хайр нь орон зай үлдээгээгүй бололтой
Надад инээхийг зааж өгөөгүй энэ ертөнц
Надад нарыг шар өнгөтэй гэж хэлээгүй ч итгүүлчихсэн байсан
Надад уйлахыг зааж өгөөгүй бас л энэ гайхал ертөнц
Надад гуниг-г саарал өнгөтэй гэж бүр сэтгэлд хадан байж ойлгуулчихсан байх юм
Хүчтэй нь хүчгүйгээ дийлэх л
Хүрэх нь хүртэхээсээ илүү хясалтай л
Хүнийх мөртлөө минийх байдаг амраг гал халуун л
…байсаар
Газрын мэлмий нуур мэт мэлтэлзүүлж, гансрал болоод цөхрөлийн тухай надад мэдрүүлж, биелээгүй хайрын тухай бичигдэж үлдээх…тийм их харууслын эзэн Идэрээдээ баярлалаа, уул шиг дүнсийж үлдэх гэсэн дээ араас нь аз жаргал хүсэн, өлмий доор нь хайраа дэвсэж, өрцөн цаана хагдарч…энэ миний эрх чөлөө болоод энэлэн шаналанг-н минь дээд хязгаар
Чи минь намрын шувуу шиг анир алдархад
Хэнхдэг цээжний цаанах атгахан зүрх өнчирч
Чанагш одох бараа чинь оргүй хоосонтой сүлэлдэн
Хэгзэрсэн үүлс шиг бодлын үзүүрээ би арайхийн атган авч
Орь ганцаар гэдэг үгэнд дасал болхын төлөө нуур болон хувирч
Одоо л сэтгэлээ чандла хэмээн уул мэт дүнсийсэн

Сэрүү татуулсан намрын салхинд

Хэлж чадаагүй зөвхөн чамд хадгалсан хайрын сайхан үгээ араас чинь шивнэж
Хээрийн салхинаас ч давилуун ааш минь гунин гансарч суухдаа
Амраг-н минь нүдэнд гуниг хурахвий дээ гэж залбиран байж
Алган дээрээ бороон дусал нулимс хоёрыг нэрсэн
Цаашлан цаашлах дурсамжиндаа дэндүү хайртай даа
Цаг хугацаанаас чамайгаа би харамлан
Сэтгэлдээ гуниг гэдэг пайзыг зүүж орхичихоод
Сэрүү татуулсан намрын салхинд би шингэчихсэн

үүрд хайрлах амраг минь чи билээ

Өлмий доор чинь хайраа дэвсэн өрцөн цаана чандлан хайрлах
Миний мэдэх ертөнцөөс олсон нэгэн сонин од
Өрөөл бусдын дэргэд гараас нь хөтлөн зүрхнээс нь чангааж
Миний л хайр гэж ээнэгшин хайрлах цор ганц эр хүн чи билээ
Омголтсон уруул давах хайрын сайхан үгсээ
Оосор бүчгүй хорвоог-н тэртээ алсад бгаа чамдаа л гэж шивнэж
Учрал эрэн ээрэх эрсийн харцнаас зугтан
Урьд нь амласан шигээ хүрээд л ирэх мэт чамайг хүлээх үүрд хайрлах амраг минь чи билээ
Эзэнгүй…
Эзэн нь намайг хамгийн сүүлд үнсэхтэй зэрэгцэн бүр мөсөн орхиод одсон байж
Ирэхгүй…
Ирнэ гэж хүлээсэн ч хамгийн сүүлд хайртай гэж хэлэх үгтэй нь зэрэгцэн бүх юм замхарсан байж
Хайрын дарсыг итгэлээр амтлан хүлээлтээр даруулан хүртээд би хөлчүүрхэн
Хаа нэгтээгээс хэзээ нэгэн цагт хүрээд ирнэ гэж итгэсээр л…чамдаа
"Би чамд чиний намайг хайрладагаас хэд дахин илүү хайртай" ямар танил бас худал үг вэ
Хүсэх хясах,тэврэх…тэвдүүлэх нүцгэн бие мэт сар
Хөшиг татах эгшинд дүнсгэр үүлстэ хамт санаашрах зуурт
Хүсэл тачаалын салхи
Хормой дэрвүүлнэ
Амьсгаа давхцан мансуурах шөнө
Аяархан эгшин, санаа алдах төдийд
Гарт барих лаа унтарч
 Ганцаардлын дарсыг чамтай хамт сөгнөнө
Догдлол болоод
Дотогш мэгшсэн тэр их хоосролыг булшлаж орхиод
Дотроос чив чимээгү хашгичсан
Орь ганцаарын тухай домог…хүүрнэл-г мартахсан

би намарт дуртай

Тэнд тийм өнгө байгаагүй…зунд намар шиг
Тэрэнд тийм хайр байгаагүй…миний хайраас ч илүү
Тэвэрт нь үнсэлт байгаагүй…зугаа шиг
Тэвчээр харин байсан шүү…надад…тийм болохоор л би намарт дуртай

"Би чамд хайртай" гэдэг үгийг өөрийгөө сатааруулах гэж хэлдэггүйг ухаараарай

Чиний орон зайг хэн ч нөхөхгүйтэй адил
Чамайг хэн ч над шиг хайрлахгүй…
Чамд зориулан бичсэн хайрын болоод хагацалын тухай шүлэг… Шат бүрт нь биш үсэг бүрт нь миний гомдол болоод хайр шингэсэн…
Эцэст нь би хайртай хүндээ аз жаргал хүснэ…
Энэ л миний хайр…тийм л тэвчээртэй
Эр-хонгор минь дээ
Эмэгтэй хүнд "Би чамд хайртай" гэдэг үгийг өөрийгөө сатааруулах гэж хэлдэггүйг ухаараарай
Нэг л мэдхэд хөрч уйдсан сэтгэлээ
Нууц амраг-н тэврэлтээр дулаацуулан
Нэрийг нь ч мартаж чаддаггүй шигээ
Нэг л мэдхэд хөрч уйдсан он цаг болон хувирах л…

Өөрөөрөө хөшөө босголоо

Нүв нүцгэн тэнгэрт бас
Нүдгүй гунигт шөнүүдэд
Нулимсаараа од шигтгэж саранд ханьсуулаад
Эргэн тойрноо хархад
Ахиж хэзээ ч уйлмааргүй бас дурламааргүй…
Дурлал гээчийг чиний нэртэй хамт
Дурсамж гэж нэрлээд хуучин дэвтэртээ хавчуулаад
Маргааш өөд алхах зориг нэмэх гэж
Өчигдөрт би өөрийгөө булшлаад
Өнгөрсөн цаг хугацаан дахь                                                                                                                                           Өөрөөрөө хөшөө босголоо

Надаас холдсон амрагтаа…

Яг л өнгөрсөн, дууссан бүх зүйл эцэслэсэнд
Ял гавъяа болон янаг дүр гээчийг үүрээд
Танихгүй маргаашруу алхаж явна
Тааралдах юм бол чамтай мэнд мэдээд зөрөх сэтгэлийн хат бол байгаа шүү

Одох тухай

Сүүдэрээ тэмтчин…байгаад нь санаа амарч
Сүнс минь төөрчихсөн орон зайд суухдаа
Өөрийнхөө хаа нэгтээ гээсэн инээмсэглэлийг
Өднөөс хөнгөн ч навч мэт хэдбэртэй үзэгдэхийн совинд баясаж
Надаас…ирэхгүйгээр одогсодыг өгч явуулчихаад
Араас нь ширтэн үлдэх үед
Ганцаар гэх, өөрийн орон зайд
Огтоос ч оргүй хоосонд
Одох тухай бодох л…
Хэвтэх аяа олохгүй хөрвөөх зуурт
Хэгзэрсэн үүл мэт бодлоо хэлхэн
Сувд мэт хүзүүндээ зүүн
Сураг тасарсан өдрүүдийн төлөөсийг хайх л…

гал халуун янаг-х

Торон дотоож, торгон хөшиг
 Толинд тусах нүцгэн сар тэргүүтэй
Амьсгал давчдуулан дуу алдах шөнийн
Амраг-н өвөр дахь ааш…гал халуун янаг-х

Хүзүү болоод улаан уруул…

Хөхний ганган товч эмэрч
Хөнжлийн үзүүр атган жаргах
Хүүхэн хонгорын турьхан бэлхүүс
Хүзүү болоод улаан уруул…гайхам сайхан

надад мэдрүүлэх

Чиний өвөрт би нүв нүцгэн
Чимээгүй үдэш энхэр аяз түгээн бхад
Хүслийн чинь анир сэвэлзээд ирэх үест
Хүүхэн хонгор гэж чи надад мэдрүүлэх л

Сэрээж өдөөх орон зай

Халуун янаг уруулыг нь
Хэзээ ч үнсэж амжиргүй мэт авирлан
Сэрэл сэдэл болоод хүслийг нь
Сэрээж өдөөх л…орон зай
Ичимхий жаргал, нүүрэмгий нүцгэн биетэй тулгарч
Илэрхий хүсэл, нууцхан таашаалтай ханьсах шөнө
Энд…орон дээр, энхэр цээжин доор
Эрийн өвөрт үдэх л…